2020 оны 9-р сарын 15-наас 21-ний хооронд «Мишээл-экспо» үзэсгэлэнгийн төвд "Намрын ногоон өдрүүд-2020" хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаа явагдлаа. Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн нээлт 9-р сарын 16-ны өдөр болсон ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь нээлтэд нь оролцож, мэндчилгээ дэвшүүлэхдээ Засгийн газар хүнсний аюулгүй байдлыг хангах, үндсэн төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах, импортыг орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжихэд түлхүү анхаарч байгааг тэмдэглэв.
Нээлтийн ажиллагааны дараа хүндэт зочид үзэсгэлэн худалдаатай танилцаж, монгол зөгийн бал, бяслаг, талх нарийн боов, махан болон сүүн бүтээгдэхүүний дээжээс амсав.
Тус үзэсгэлэнд Монгол орны өнцөг булан бүрээс 70 орчим хүнсний үйлдвэрлэгчид болон 200 орчим хоршоо, фермерүүд болон хувийн туслах аж ахуй эрхлэгчид оролцож, өөрсдийн «нэрийн хуудас» болсон шилдэг бүтээгдэхүүнүүдээс буюу төрөл бүрийн цагаан идээ, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, зөгийн бал болон бусад бүтээгдэхүүнүүдээ танилцуулав. 