2021 оны 1-р сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсын Засгийн газар Монголын талын хүсэлтийг үндэслэн Владивосток хотод Оросын Холбооны Улс дахь Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх тушаалыг гаргав. ОХУ-ын Гадаад хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба болон Приморийн хязгаарын Засгийн газар нь энэхүү хүсэлтийг дэмжих саналыг гаргасан хэмээн мэдээлж байна.
Приморийн хязгаарын Засгийн газарт Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Худалдааны төлөөлөгчийн газрыг нээн тохижуулахад, албаны болон орон сууцны байруудыг тогтоосон журмын дагуу түрээслэхэд, эсвэл өмчлөлд шилжүүлэхэд, зохион байгуулалтын бусад шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхэд Монголын талд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг зөвлөжээ.
«2017 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Оросын Худалдааны төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа сэргээсний дараа Владивостокт Монголын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх тухай асуудлыг шийдвэрлэсэн нь гадаад эдийн засгийн бодлогын энэхүү хэрэгсэл нь манай улсуудын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон түүхэн шинэ үе шатанд маш их үр өгөөжтэй байгааг харуулна. Манай Худалдааны төлөөлөгчийн газрууд нь хоёр талын худалдааны эргэлтийн хурдацтай өсөлтийг хангаж, улс орнуудын эдийн засгийг цаашид интеграцчлахын тулд харилцан уялдаатай нягт хамтран ажиллах нь дамжиггүй» гэж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев онцоллоо.