3-р сарын 9-ний өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев Улаанбаатар хотын ДЦС-3-ын гүйцэтгэх захирал Ч.Чинбаттай уулзлаа.
Улаанбаатар хотын төвөөс холгүй байрлах ДЦС-3 нь Монгол Улсын эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний 14 хувийг, дулааны 30 хувийг, уурын 50 хувийг нийлүүлдэг билээ.
Ажлын уулзалтын үеэр талууд «ИНТЕР РАО – Экспорт» ХХК болон «ТЭЦ-3» ХК хооронд Улаанбаатар хотын ДЦС-3-ийг шинэчлэх тухай санамж бичгийг байгуулах бэлтгэл ажил, шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэх хугацаа зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Төслийг нэгдүгээрт 2х50 МВт-ын хүчин чадалтай; хоёрдугаарт 2х125 МВт-ын хүчин чадалтай блокуудыг барих гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх гэж байна.
Санамж бичигт гарын үсэг зурснаар ОХУ-ын экспортын улсын зээлийн шугамаар гэрээг боловсруулж, санхүүжилтийг босгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэх ажлыг нэн даруй эхлүүлэх боломжтой болно.
«ЗСБНХУ-ын техникийн тусламжтайгаар баригдсан нийслэлийн ДЦС-3-ын шинэчлэл нь эрчим хүчний салбар дахь аж үйлдвэрийн хамтын ажиллагааны шинэ том төсөл бөгөөд түүнийг 2020 онд «Уралын турбины үйлдвэр» цар тахлын хөл хязгаарлалтын хүнд нөхцөлд Улаанбаатар хотын ДЦС-4-ийн турбины цехийг техникийн аргаар дахин тоноглосон эерэг туршлага дээр тулгуурлан хэрэгжүүлэх гэж байна. Эрчим хүчний салбар нь өргөн утгаараа манай орнуудын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх хөдөлгөгч хүч болж байгаа нь эргэлзээгүй боллоо» хэмээн Худалдааны төлөөлөгч тэмдэглэв.
Уулзалтад «ИНТЕР РАО – Экспорт» ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Н.Наранбат болон «УТЗ» ХК-ийн захирал Д.В.Изотин нар оролцов.