5-р сарын 20-нд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев «Деловая Россия» олон нийтийн байгууллага («Ажил хэрэгч Орос Улс» ОНБ) Орос-Азийн үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдийн холбоотой хамтран «Монгол Улстай худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь» сэдвээр зохион байгуулсан өргөтгөсөн вебинарт оролцон, илтгэл тавилаа. Монгол, Оросын 70 гаруй бизнес эрхлэгчид оролцсон энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, саад бэрхшээлийг арилгахын тулд бизнес эрхлэгчид хамтын хүчин чармайлт гаргаснаар даван туулах хэтийн төлөвийн талаар илэн далангүй ярилцав. Чуулганыг «Ажил хэрэгч Орос Улс» ОНБ-ын ТУЗ-ын гишүүн, «SOLOGY» группийн үүсгэн байгуулагч болон зохион байгуулагч Максим Александрович Доротов удирдав.
Монгол Улсын эдийн засаг маш эрчимтэй хөгжиж байгаа ба ДНБ нь ардчиллын хугацаанд 10 дахин өсжээ. Жишээлбэл, Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлж буйгаар тус улсын ДНБ-ний өсөлт 2011 онд 17 хувиас дээш гарч, дээд амжилт тогтоосон.
«ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол Улсад үйл ажиллагаагаа 2017 оноос сэргээсэн ба үүнээс хойш Оросын экспортын хэмжээ даруй хоёр дахин нэмэгдэж, одоогийн байдлаар 2 тэрбум ам.долларт хүрэх гэж байна. Монголын импортод эзлэх ОХУ-ын бараа таваарын хувь хэмжээ мөн өсөж, яг гуравны нэгийг нь буюу 33.3 хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ Монгол руу чиглэсэн Оросын экспортын өсөлт нь Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудад чиглэсэн Оросын экспортын дундаж өсөлтийн түвшингээс давж байна» гэж Худалдааны төлөөлөгч хэллээ.
Цар тахлын 2020 онд эдийн засаг нь бага зэрэг унасан ч Монгол Зүүн Хойд Азийн төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн ирээдүйтэй зах зээл мэт харагдаж байгаа ба Монголын эдийн засаг энэ онд 5-аас дээш хувиар өснө гэж таамаглаж байна. Дэлхийн банкны шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн эдийн засгийн өсөлт сэргэхийн хэрээр ойрын арван жилд Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 6-8 хувиар өснө.
Яагаад гэвэл Монгол далайд гарцгүй ч газарзүйн хувьд Азийн яг төвд байрлах ба хоёр агуу хөрш болох Орос, Хятадын дунд стратегийн хувьд туйлын ашигтай байр суурийг эзэлдэг.
Монгол Улс эрдэс түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ Хятадад нийлүүлдэг ба энэхүү экспортын өсөлтийг логикийн хувьд ойлгоход энгийн юм. Мөн Монголоор дамжин өнгөрөх хуурай замын чиглэл нь илүү тухтай гэдэг нь улам ойлгомжтой болж байна. Монгол-Оросын хамтарсан «Улаанбаатар төмөр зам» НХН-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй зэрэгцэн улс төрийн дээд түвшинд «Сибирийн хүч-2» хийн хоолойн төслийг Монголоор дайруулан хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн. Монголд «Союз Восток хийн хоолой» тусгай зориулалтын компани үүсгэн байгуулагдсан ба энэ жилээс үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн явуулах гэж байна.
«Монгол Улсын төр засгаас уул уурхайн, хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийг хурдацтай хөгжүүлэх, эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ бие даан хангах, Зүүн Хойд Азид шинээр үүсч буй «эрчим хүчний супер сүлжээ»-ний хүрээнд «ногоон» эрчим хүчний нетто-экспортлогч болгох гэсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг нэрлэлээ. Энэ нь Оросын олон үйлдвэрлэл-технологийн болон эрчим хүчний шаардлагатай чадамж бүхий компаниудад Монголын зах зээлд итгэлтэйгээр гарч ирэх, өөрсдийгөө тус улсын үндэсний асуудлуудыг шийдвэрлэхэд нь найдвартай түнш гэдгээ харуулах боломжийг олгож байна. 7-р сард Екатеринбург хотод зохион байгуулагдах «ИННОПРОМ-2021» олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үеэр томоохон хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх талаар илүү дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна» гэж Максим Васильев хэллээ.
Монгол-Оросын бизнесийн харилцааг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд дэмжих нь туйлын чухал байна.
ОХУ-ын Монгол Улстай гадаад худалдааны харилцааг хөгжүүлэх 2021-2023 оны «Улс орнуудаар хуваарилах үйл ажиллагааны төлөвлөгөө»-ний дагуу Оросын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан «Азийн үүд хаалга» уламжлалт үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
ЖДҮ эрхлэгчдийн уламжлалт «Азийн үүд хаалга» үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Эрхүүгийн «Бизнес-контакт» компани ажиллах бөгөөд түншүүдийн хэлж буйгаар энэхүү арга хэмжээ нь Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх ажлуудын хүрээнд зохион байгуулагдах ба Монгол Улсын нийслэл дэх хамгийн том үзэсгэлэнгийн цогцолбор болох «Мишээл экспо»-д болж өнгөрнө. ОХУ-ын зарим холбооны байгууламжууд, түүний дотор Бүгд Найрамдах Крым Улс нь «Азийн үүд хаалга» үзэсгэлэнг сонирхож, урьдчилсан байдлаар оролцохоо мэдэгдээд байна.
Үүнтэй холбогдуулан Худалдааны төлөөлөгч маань Оросын үйлдвэрлэгчдийг энэхүү яармаг-үзэсгэлэнд аль болох өргөнөөр хамруулах боломжийг судалж үзэхийг «Ажил хэрэгч Орос Улс» ОНБ болон Орос-Азийн үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөгчдөд санал болголоо.