2020 оны 10-р сарын 6-ны өдөр "Агросалон 2020" олон улсын хөдөө аж ахуйн төрөлжсөн үзэсгэлэнгийн хүрээнд "Монгол Улсын хөдөө аж ахуйн техникийн паркийн шинэчлэл" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай дугуй ширээний уулзалтыг видео хурлын горимоор зохион байгуулав. Уг арга хэмжээнд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В. Васильев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Хөдөө аж ахуй, хүнс, барилга, замын машин механизм үйлдвэрлэлийн газрын дарга М.И. Ёлкина, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ОХУ-ын болон Монгол Улсын санхүүгийн бүтцийн, мөн Оросын хөдөө аж ахуйн машин механизмуудыг импортлогч Монголын томоохон компаниудын төлөөлөгчид оролцов.
Оролцогчид хоёр орны Засгийн газар хоорондын хөтөлбөрийн эхний хоёр үе шат амжилттай хэрэгжсэнийг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөдөө аж ахуйн салбар дахь заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн хүрээнд талууд ВЭБ.РФ (хуучин нэрээр Внешэкономбанк)-ийн санхүүжилтийн шугамаар Оросын хөдөө аж ахуйн техник хэрэгслийг Монгол Улсад цаашдаа ч нийлүүлэхэд чиглэсэн зохион байгуулалт, техникийн боломжийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх асуудлуудыг гол төлөв хэлэлцэв. Монголын тал уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын ХХАААҮЯ-ны дэргэд лизингийн шинэ бүтэц бий болгох асуудал яригдаж байгааг мэдээлэв. Түүнчлэн өмнө нь РЭЦ ба ВЭБ.РФ төрийн корпорацтай бизнесийн харилцаа холбоо тогтоосон Монголын банкны системд нөлөө бүхий банкуудыг татан оролцуулах асуудлыг хэлэлцэж байгаа гэв. Монголын тал Оросын технологийг ашиглан үр тарианы хоёр элеваторыг өөрийн орондоо барих хатуу төлөвтэй байгаагаа батлав. Монгол Улсын хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн цогцолборын хэрэгцээнд зориулж Оросын хөдөө аж ахуйн техник хэрэгслийн хангамжийг ойрын хугацаанд сэргээхийн тулд шаардлагатай санхүүгийн болон техникийн баримт бичгүүдийг аль болох богино хугацаанд солилцохоор талууд тохиролцов.