Цахим уулзалт боллоо
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
181
21.01.2021 в 17:45
1-р сарын 20-нд МУ дахь ОХУ-ын болон ОХУ дахь МУ-ын Худалдааны төлөөлөгчид М.Васильев болон Д.Хасар нар онлайн уулзалт зохион байгуулж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй энэ онд Орос, Монголын хамтарсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахад чиглэгдсэн асуудлуудыг хэлэлцэв.

Талууд Монгол дахь Оросын Худалдааны төлөөлөгчийн газар 2017 оноос үйл ажиллагаагаа сэргээж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах түүхэн уламжлалт байрандаа дахин нээгдсэнийг уулзалтын үеэр тэмдэглэв. Төрийн эдийн засгийн гадаад бодлогын гол хэрэгсэл болохынхоо хувьд Худалдааны төлөөлөгчийн газрууд нь юуны түрүүнд улс орныхоо бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжихийг тэргүүлэх зорилгоо хэмээн үздэг ба Монгол Улсын төр засгаас энэхүү бүтцийн боломж, чадавхийг богино хугацаанд үнэлж, 2019 онд Монголын талын санаачилгаар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам нь 1957 онд байгуулсан «Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Холбоо ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд байгуулсан Худалдааны хэлэлцээр»-т зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах саналыг дэвшүүлсэн билээ. Ийнхүү Монголын тал өөрийн Худалдааны төлөөлөгчийн газраа Владивосток хотод нээх боломжтой болсон.

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаар болон Буриадын Бүгд Найрамдах Улс нь Алс Дорнодын Холбооны тойрогт хамрагдах болсноор МУ-ын ОХУ-тай хиллэх хилийн шугамын 2/3 нь энэ бүс нутагтай залгах болсныг талууд тэмдэглэв. Владивосток дахь Монголын худалдааны төлөөлөгчийн газрын нээлтийн үйл ажиллагааг талууд энэ оны содон үйл явдлуудын нэг гэж үзэж байна.

Худалдааны төлөөлөгчийн газрууд нь Элчин сайдын яамдын бүрэлдэхүүн хэсэг болохынхоо хувьд ОХУ, МУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 онд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад идэвхтэй оролцож байна.

Энэ онд хорио цээрийн хязгаарлалтууд хэвээр үйлчилж байгаа ч Монголын талын анхаарлыг 2021 оны хоёрдугаар хагаст зохион байгуулах арга хэмжээнүүд ихээр татаж байгаа. Үүнд: «Иннопром-2021» олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн (7-р сарын 6-9-нд Екатеринбург хотод), мөн «МАКС» олон улсын нисэх, сансрын салон (7-р сарын 20-25-нд Москва хотод) зэрэг багтана. «Иннопром»-ын хүрээнд Монголын тал дотоодынхоо уул уурхай, уламжлалт хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүндээ түлхүү анхаарал хандуулахынхаа хажуугаар бусад олон төрлийн аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ үр дүнтэй танилцуулж, Монгол Улсын болон нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн Оросын тэргүүлэх компаниудын саналуудтай түлхүү танилцах боломжтой юм. Харин «МАКС-2021»-ын хүрээнд «Монголиан Айркрафт Индастриз» (МАИ) ХХК болон С.А.Чаплыгиний нэрэмжит Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн ба «Нимбус» нислэгийн судалгааны төв» ХК-тай хамтран хэрэгжүүлсэн Монголын анхны «Домог 570» онгоцыг бүтээх, угсрах төслийн бодит үр дүнг олон улсад танилцуулах боломжтой болно.

«Талууд Монгол Улсад жижиг, дунд нисэх онгоцны салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг идэвхтэй боловсруулж байгааг харгалзан үзээд «Домог 570» онгоцыг «Уралын иргэний нисэхийн үйлдвэр» (Уральский завод гражданской авиации, буюу УЗГА) ХК-ийн үйлдвэрлэсэн L410 UVP-E20, L410NG онгоцнуудын хамт толилуулах нь зүйтэй юм. Тэгээд ч «МАИ» болон «УЗГА» нь стратегийн түншлэлийн тухай урт хугацааны хэлэлцээр байгуулсан байна лээ» хэмээн ОХУ-ын Худалдааны төлөөлөгч онцлов.

Талууд мөн 2021 онд ОХУ-ын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг Монгол Улсад зохион байгуулах боломжийг судалж, ОХУ-ын бүс нутгуудын Жижиг дунд бизнес эрхлэгчдийн жил бүр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулдаг «Азийн хаалга» бизнес форумыг зохион байгуулахад шаардлагатай туслалцааг үзүүлэх болно.
Талууд уулзалтаа маш ашигтай, мэдээлэл сайтай боллоо гэж үнэлсэн ба уг уулзалтад ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Ази, Африк, Латин Америкийн газрын хариуцлагатай албан тушаалтнууд оролцсон. Ийнхүү тогтоосон харилцаа холбооны шинэ хэлбэрийг цаашдаа ч дэмжин хөгжүүлэхээр тохиролцлоо.