Худалдааны Танхимд уулзалт болов
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
456
30.01.2021 в 17:17
1-р сарын 29-нд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзав.

Талууд коронавирусын цар тахлын улмаас үүссэн бодит бэрхшээлүүдийг үл харгалзан 2021 онд төлөвлөөд буй хэд хэдэн чухал бизнес арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, оролцохтой холбоотой асуудлуудыг хэлэлцэв.

Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нь дээд түвшиндээ буюу иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн билээ. Уулзалтын явцад талууд 2021 он нь найрсаг харилцааны үйл явдлуудаар дүүрэн байх ба дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тэмдэглэх нь эдгээр арга хэмжээнүүдийн дунд онцгой байр суурийг эзлэх болно гэдгийг тэмдэглэв.

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам нь 7-р сарын 6-9-ний өдрүүдэд Екатеринбург хотод зохион байгуулагдах «ИННОПРОМ-2021» олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд Монголын төлөөлөгчдийг оролцуулах боломжийг судалж үзэхийг санал болгож байна.
«ИННОПРОМ» нь Аж үйлдвэр, худалдааны яамны ивээл дор явагддаг Оросын аж үйлдвэр, худалдаа, экспортын гол платформ юм.

Үзэсгэлэнгийн оролцогчдын 80 орчим хувь нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн мэргэжлийн худалдан авагчид, мөн шинэ бүтээгдэхүүн, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шийдвэрийг гаргагч мэргэжилтнүүд байдаг. Энэ жилийн үзэсгэлэнгийн гол сэдэв нь уян хатан үйлдвэрлэл юм.

Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн нь, түүний дотор жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээсэн орчин үеийн, өндөр чанартай, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд нь «ИННОПРОМ» үзэсгэлэнгийн хүрээнд анхаарал татсан үйл явдал болох нь дамжиггүй юм. Нэмж дурдахад, Монголын төлөөлөгчид ОХУ-ын бүс нутгийн аж үйлдвэрүүдийн хүчин чадал, боломжуудтай өөрийн биеэр танилцаж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд чиглэгдсэн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлүүдийг өөрсдөө сонгон тодорхойлох боломжтой юм.

Монголын талын захиалгаар AН-2 онгоцыг шинэчлэсний үр дүнд зохион бүтээсэн анхны Монголын онгоц болох «Домог-570»-ыг Москва (Жуковский) хотноо 7-р сарын 20-25-ны хооронд зохион байгуулагдах Олон улсын нисэх, сансрын салон «MAKС-2021»-ийн хүрээнд танилцуулах нь Монгол улсыг олон улсад танилцуулах бас нэгэн том боломж юм.

«Холбогдох зөвлөмжүүдийг Орос, Монголын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааны протоколд тодорхой тэмдэглэсэн байгаа. ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам болон ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай харилцан тохиролцсон эдгээр арга хэмжээнүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дэмжлэг үзүүлж, оролцох нь чухал ач холбогдолтой байх болно» хэмээн Худалдааны төлөөлөгч маань онцлов.