Монгол Улсын Их Хурал хөдөө аж ахуйн машин механизмыг импортлох асуудлыг шийдвэрлэв.
2021 оны 4-р сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны боловсруулсан, хөдөө аж ахуйн зарим техник хэрэгслийг импортлоход Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг батлав. Тус хуулийн жагсаалтад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг багтжээ. Эхний хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн санал болгосноор уг жагсаалтад мөн түүнчлэн хүлэмжийн аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нэмжээ.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлж буйгаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль нь 2025 оны 1-р сарын 1 хүртэл, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль нь 2022 оны 1-р сарын 1 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.
Шинжээчдийн тооцоолж буйгаар эдгээр хуулиуд хэрэгжсэнээр нийт 1,047.2 тэрбум төгрөг (367 сая ам. доллар)-ийн хөдөө аж ахуйн техник, 893.4 тэрбум төгрөг (313 сая ам.доллар)-ийн бордоо, ургамал хамгааллын бодис тус тус импортоор авч, нийт 281.4 орчим тэрбум төгрөг (ойролцоогоор 100 сая ам.доллар)-ийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлж, тариалан эрхлэгчдийн болон томоохон холбоодын татварын дарамтыг ихээхэн багасгахаар байна.
Үүнтэй холбогдуулан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев түүний дотор Монголын хөдөө аж ахуйн техникийг шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үзүүлж буй Оросын Аж үйлдвэр, худалдааны яамны тусламжийн хүрээнд дотоодын олон төрлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, бордооны экспортыг өргөжүүлэх нэн таатай нөхцөл бүрдэж байгааг тэмдэглэв.
«Оросын шинэ машин механизм нь Монголд маш сайн нэр хүндтэй ба одоогийн байдлаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Оросын техник хэрэгслийг дахин нийлүүлэх тухай явуулж буй яриа хэлэлцээ эцсийн шатандаа орж байна. Түүнчлэн Монголд үр тарианы хоёр элеватор барих тухай яригдаж байгаа. Орос улс Монголын хөдөө аж ахуйн техникийг шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцыг зүй тэргүүлж байна» гэж Худалдааны төлөөлөгч хэллээ.