Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоотой хамтран ажиллаж байна
Мэдээнд үнэлгээ өгөх:
Санал өгөх:  
113
11.08.2021 в 10:49
Худалдааны төлөөлөгчийн газар нь Оросын барилгын материал, технологи, үйлчилгээг Монголын зах зээлд сурталчлан нэвтрүүлэх хамгийн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор тус улсын Барилга, хот байгуулалтын яамны ивээл дор үйл ажиллагаагаа явуулдаг Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо (цаашид Холбоо гэх)-той холбоо тогтоож, хэд хэдэн удаа яриа хэлэлцээ явуулав.

ОХУ-д үйлдвэрлэсэн зарим төрлийн барилгын материалыг (түүний дотор инновацийн материалыг) Монголын зах зээлд системтэйгээр нэвтрүүлэхийн тулд чанарын болон стандартын баталгаажуулалтыг хийх, мөн тухайн бүтээгдэхүүнийг тус Холбооны зөвлөж буй материалуудын жагсаалтад оруулах шаардлагатай ба тус жагсаалтад багтсан материалууд нь цаашдаа барилгын хэм хэмжээнүүдэд багтан, батлагддаг юм байна.

Холбоо нь дүн шинжилгээ өгөх боломжтой өөрийн гишүүн компаниудыг Монголын зах зээлд нэвтрэх сонирхолтой Оросын тэргүүлэгч компаниуд болон байгууллагуудтай хамтран ажиллахыг дэмжиж, холбогдох уриалгыг 8-р сарын 9-ний өдөр манай Худалдааны төлөөлөгчийн газрын хаягаар илгээв.

Хоёр орны бизнес эрхлэгчид барилгын чиглэлээр хамтран ажиллах маш их сонирхолтой байгааг харгалзан үзээд Худалдааны төлөөлөгчийн газар нь Оросын барилгын материал, технологийг Монголын зах зээлд сурталчлан нэвтрүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах асуудлыг шийдвэрлэхийн тулд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны болон Барилга, хот байгуулалтын яамны холбогдох хэлтсүүдийн төлөөлөгчдийг урин цахим уулзалт зохион байгуулахыг санал болгов.

«2019 он хүртэлх хугацаанд Монголын компаниудын гүйцэтгэсэн барилга, засварын ажлын хэмжээ тасралтгүй өсөж, 2019 онд 4.5 их наяд төгрөг буюу 1.9 тэрбум долларт хүрч, 2016 онтой харьцуулахад 50 хувиар өссөн юм. Монголын компаниуд дотоодын зах зээлийн 93 хувийг, гадаадын компаниуд 7 хувийг эзэлдэг. Монголын барилгын салбар нь маш тогтвортой байгаа ба 2020 оны эцэс гэхэд ердөө 3.4 хувиар буурсан ба энэхүү бууралт нь гадаадын компаниудын үйл ажиллагаа зогссонтой холбоотой юм» гэж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев хэллээ.

Бүтцийн хувьд бол Монгол Улсын барилга, угсралтын нийт ажлын 28 хувийг орон сууцны барилга (түүний дотор орчин үеийн өндөр барилгууд), 47 хувийг орон сууцны бус барилга, 22 хувийг инженерийн дэд бүтэц (авто зам, хурдны зам, гүүр), 2.5 хувийг их засварын ажил эзэлж байна.

«Худалдааны төлөөлөгчийн газар нь Улаанбаатар хотноо орчин үеийн өндөр өндөр барилгуудыг барьж буй дотоодын тэргүүлэгч компаниудын дунд судалгаа явуулав. Судалгаанд оролцогчдын 90 хувь нь Оросын чанарыг илүү өндөр үнээр ч хамаагүй эргэлзээгүй сонгоход бэлэн байгаа учир Оросын ханган нийлүүлэгчдийн саналыг нухацтай авч үзэхэд бэлэн байна. Монголын барилгын компаниуд, ялангуяа олон давхар орон сууцны барилгын чиглэлээр мэргэшсэн тэргүүлэгч компаниуд нь өөрсдийн нэр хүндэд маш их санаа тавьдаг. Тиймээс шинээр нээгдэж буй боломжуудыг ашиглахын тулд ОХУ-ын барилгын материал, технологи, үйлчилгээний экспортлогчдыг урьж байна» гэж худалдааны төлөөлөгч маань цохон тэмдэглэв.