«Интер РАО - Экспорт» Монголд томоохон төсөл хэрэгжүүлж эхэллээ.
«ДЦС-3» ТӨХК-ийн захиалгаар «Интер РАО – Экспорт» нь тухайн цахилгаан станцыг шинэчлэх ТЭЗҮ-ийг боловсруулахаар болов.
7-р сарын 26-ны өдөр «Интер РАО – Экспорт» ба Монголын төрийн өмчит «ДЦС-3» компаниуд нь холбогдох Санамж бичиг болон Замын зураглалд гарын үсэг зурсан ба уг Замын зураглалын дагуу Цахилгаан станцыг шинэчлэх тухай гэрээг ирэх онд байгуулна.
«ОХУ-ын төрийн экспортын зээлийн зардлаар цахилгаан станцын хуучирсан тоног төхөөрөмжийг татан буулгаж, 350 МВт-ын хүчин чадалтай шинэ тоног төхөөрөмжийг (эхний шатанд - 2х50 МВт, хоёр дахь шатанд - 2х125 МВт) үе шаттайгаар ашиглалтад оруулах замаар тус төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна» хэмээн «Интер РАО – Экспорт»-ын хэвлэлийн мэдээлэлд өгүүлжээ.
«Монгол Улстай эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Оросын Холбооны Улсын гадаад эдийн засгийн бодлогын Монгол Улстай хамтын үйл ажиллагаа хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл яах аргагүй мөн юм. Энэ ч утгаараа «Интер РАО – Экспорт» компанийн хэрэгжүүлж буй ДЦС-3-ыг шинэчлэх томоохон төсөл нь «РОТЭК» ХК болон «Уралын турбины үйлдвэр»-ийн хамтран хэрэгжүүлсэн төслийн буюу нийслэлийн ДЦС-4-ийн амжилттай шинэчлэлийн үргэлжлэл билээ. Цаашдаа ОХУ-ын тоног төхөөрөмж, машин техник, технологийн экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх ийнхүү томоохон төслийг холбогдох Гэрээ, Хэлэлцээрүүдийн хамт байгуулан хэрэгжүүлэх нь Оросын экспортлогчид Монголд системтэйгээр ажиллах боломжийг олгох таатай орчны «тулгын чулуунуудыг» тавихад хувь нэмрээ оруулах үйл ажиллагаа болно» гэж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Васильев хэллээ.